МОНГОЛ БРЭНДҮҮД НЭГДЭЖ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРНА

Од

2016-10-13

ТВ5 ТЕЛЕВИЗИЙН “МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Үзэгч та бүхний амар амгаланг айлтгая. ТВ-5 телевизийн “МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ” ток шоу ярилцлага ээлжит дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт ярилцах зочноор “Монгол брэнд” төслийг санаачлагч Шагдарсүрэнгийн Отгон-Өлзий хүрэлцэн ирсэн байна танд оройн мэнд хүргээд ярилцлагаа эхэлье.

Монгол брэнд төслийг санаачлагч Ш.Отгон-Өлзий: -Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ТВ-5 телевизийг үзэн суугаа нийт үзэгчиддээ оройн мэндийг хүргэе.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -“Монгол брэнд” төслийн санаачлагчийн хувьд энэ төслөө манай үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулна уу?

Оролцогч Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд”  төсөл нь 2016 оны 3 дугаар сарын 3-нд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр албан ёсоор  эхэлсэн төсөл юм. Түүнээс өмнө жил гаруйн хугацаанд төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаж ажилласан. Төслийн үндсэн санаа бол сүүлийн жилүүдэд Монгол Улс Чингис бонд, Самуурай бонд зэрэг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүд авсан. Түүний хүрээнд олон аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээл авч, жижиг, дунд үйлдвэрлэгчдээс эхлээд том бүтээн байгуулагч хүртэл үйлдвэрлэлийн шугамаа өргөтгөн нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн байдал бас амаргүй түвшинд байгаа. Энэ сорилт бэрхшээлтэй цаг үед үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, экспортлох, худалдаалах, нийлүүлэлт хийх чиглэлд хэн хүнгүй ажиллаж байна. Эрсдэл гэдэг нэг талаараа боломж гэж харагддаг. Эдийн засгийн хямралыг нөгөө талаас нь харах юм бол өсөлт боломж гэдэг талаас нь харж Монголдоо бүтээж байгаа, Монголдоо үйлдвэрлэж байгаа, нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр бүтээгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, олон нийтэд сурталчлах гэсэн зорилготойгоор төслийн нэгдүгээр үе шат амжилттай хэрэгжиж эхэлсэн юм.

Төслийн хоёрдугаар үе шат бол Монголын брэндүүд нэгдэж, нэгдэл хэлбэрээр зохион байгуулалтад орж, олон улсын зах зээлд гарах боломж байна гэж харж байгаа. Одоо цаг нь иржээ гэсэн агуулга дээр бид нар төвлөрч, судалгаа хийн ажиллаж байна. Энэ нэгдлийн хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 2-5-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотод, БНХАУ, МОНГОЛ УЛС, ОХУ гурван улсын хамтарсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт” гэдэг арга хэмжээ зохион байгуулагдсан. Монгол Улсын талаас Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг гарч оролцсон. Энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүд, Гадаад харилцааны дэд сайд, Засгийн газрын  холбогдох төлөөлөл, яам, тамгын газрын удирдлагууд, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч, Чөлөөт бүсийн захирагч нар, “Монгол брэнд” төслийн баг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгч, худалдааны салбарын төлөөлөл гээд 500 гаруй оролцогч оролцсон томоохон арга хэмжээ болсон юм.

Тус арга хэмжээнд гурван улсын төрийн байгууллагууд, гурван улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэх тал дээр олон уулзалт зөвлөгөөн хийж, худалдаа хийхэд гарч буй саад тотгорыг арилгах, хил, тээвэр, хорио цээр, татвар, чөлөөт бүсийг ашиглах, онлайн худалааны боломж, эдийн засгийн энэ гарцыг хэрхэн үр дүнтэй, зөв зүйтэй ашиглах вэ гээд олон төрлийн чухал үр дүнтэй яриа хэлэлцээ, үзэсгэлэн, худалдаа гэх мэт арга хэмжээнүүд болж өнгөрсөн юм.

Энэхүү яриа хэлэлцээ, арга хэмжээний тухайд гэвэл сүүлийн жилүүдэд БНХАУ, МОНГОЛ УЛС, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын хоорондын дипломат уулзалт, яриа хэлэлцээ нэмэгдэж, Монгол Улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнесийн байгууллагууд энэхүү боломжийг ашиглан эхний ээлжинд БНХАУ-ын зах зээлд нэгдэл хэлбэрээр гарах боломж байна гэдгийг олон талаас нь харж, ярилцаж, үүнийг ажил хэрэг болгох талаар зорин ажиллаж байна.

БНХАУ-ын зүгээс 2016 оны 4 дүгээр улиралд Эрээн хотод “Эрээн хотын хил орчмын иргэдийн чөлөөт худалдааны бүс”-ийг нээсэн. Энэ чөлөөт худалдааны бүс нь Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж эхэлж байна. Энэ чөлөөт бүс нээгдээгүй байхад байгууллагууд дан дангаараа гарах, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүн гаргах чиглэлд гааль татварын асуудал үүсэх, хүндрэл бэрхшээл, зардал зэрэг асуудлаас болоод хүндрэлтэй байсан. Бас үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн нь олон улсын чанар стандартыг хангах аас эхлээд, сав баглаа боодол, шошго, тухайн орны хэлээр бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, оюуны өмчийн асуудал, олон тоо ширхэгээр үйлвэрлэх боломж гээд олон олон асуудал байсан. Одоо тэдгээр асуудлуудыг аж ахуй нэгжүүд шат дараатай даван туулах нөхцөл бүрдэж байна гэсэн үг.

“Говь”, “Гоёо”, арьс шир, ноос ноолуур, гээд олон төрлийн аж ахуйн нэгжүүд олон жилийн өмнө эдгээр асуудлыг шийдвэрлэж, олон улсад бодитоор экспорт гаргаж байна. Үүний араас арьс ширээ бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх, хүнс, мах, махан бүтээгдэхүүн гээд олон улсын чанар стандартад нийцсэн үйлвэрүүдийг олноор нээж ашиглалтад оруулж үйлдвэрлэж байх жишээтэй. Энэ бүтээгдэхүүнүүд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож тэргүүлж байх жишээтэй. Энэ нь юуг харуулж байна гэхээр Монголчууд дэлхийн хэмжээний чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлвэрлэж чадаж байгаагаа нотолж буй том нотолгоо юм. Тэгэхээр дан дангаараа олон улсын зах зээлд гарч болно, нэгдэл хэлбэрээр гарах бол том давуу талыг авч ирэх магдлал их өндөр байна гэж үзэж байгаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарааны бизнес, start up  бизнесүүд төрөн гарч байна. Үүнд мундаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хувь хүмүүс ч байна, тэдэнд хамтрал, нэгдэл, боломж гэсэн шийдлийг танилцуулж байгаа юм.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Энэ шийдлийн талаар тодруулахгүй юу?

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -2016 оны 9 дүгээр сарын 23-нд Мэдээлэл, технологийн үндэсний парк /МТҮП/-ийн хурлын зааланд 180 орчим оролцогчтой арга хэмжээг зохион байгуулсан юм. “МОНГОЛ БРЭНДИЙГ БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД” гэдэг нэртэй зохион байгуулсан тус арга хэмжээнд МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Арьс шир ноос ноолуурын холбоо зэрэг салбарын холбоодын төлөөлөл, мөн энэ чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, хувь хүмүүс, Эрээн хотын их дэлгүүр ХХК-ний төлөөлөл, Монгол, Өвөр Монголын бизнес хөрөнгө оруулагчдын зөвлөл гээд зохих төлөөллүүдийг оролцуулсан.

Энэ уулзалтыг 4 чиглэлээр хувааж зохион байгууллаа. Нэгдэх чиглэл нь Монголд үйлдвэрлэж байгаа, Монголдоо бүтээж байгаа, бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа аж ахуй нэгжүүд нэгдэл хэлбэрээр Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийг ашиглаж, талбай эзэмшиж, цааш нь Эрээн хотын их дэлгүүрт Монгол брэнд их дэлгүүр гэсэн тусгай дэлгүүр нээх юм. Монгол угсаатай маш олон хүмүүс урд хилийн цаана байна. Энэ олон сая хэрэглэгчдэд зориулсан Шилийн гол, Хөх хот, цаашлаад эх газрын Хятад руу, Бээжин, Тяньжин, Шиньжин гээд, бүр Тяньжины чөлөөт  бүсийн боомт хүртэл ашиглах тухай яриа хэлэлцээг ярьж, төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээнд “Монгол брэнд” нэгдэл нэгдэнэ. Энэ нэгдэл зөвхөн эдгээр боломжийг олгохоос гадна бид тээвэр, ложистик, түгээлтийнх нь асуудлыг Монголын хамгийн туршлагатай, энэ чиглэлээр хамгийн олон жил ажилласан “Туушин” компанитай хамтарч ажиллах боломжийн талаар зөвлөлдлөө.

Тус компани Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг чанар, стандарт, аюулгүй байдлын түвшинд гаргах, тээвэрлэх, хүргэх, Хятадын зах зээл рүү түгээх ажлыг хариуцахаар ярилцлаа. Мөн бид зөвхөн хилийн цаана ганц дэлгүүр тохижуулаад, тэндээ монгол бараа бүтээгдэхүүнийг төвлөрүүлээд зарах гэхээсээ илүүтэйгээр онлайн худалдааны Хятадын Алибаба гээд маш олон сая хэрэглэгчтэй онлайн худалдааны цахим сүлжээ бий. Энэ сүлжээгээр дамжуулаад олон сая хэрэглэгчдэд хүргэж ажиллах талаар “Тэсо корпораци”-тай  ярилцлаа. Мөн Их Британийн чанар стандартын Монгол дахь төлөөлөгчийн газраас Олон улсын ISO стандартыг нэвтрүүлдэг байгууллагуудаас яг энэ Олон улсын зах зээлд гарах байгууллагуудад хэрхэн чанар, удирдлагын тогтолцоо, стандартыг хангах талаар сургалт хийх боломжтой, хамтарч ажиллах боломжтой гээд энэ чиглэлүүдээр уулзалт, ярилцлагуудыг хийлээ. 170 гаруй аж ахуй нэгжийн төлөөл хүрэлцэн ирж энэ арга хэмжээнд оролцож, уулзалтын төгсгөлд нээлттэй асуулт хариулт явагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -“Монгол брэнд” төслөөр дамжуулж нэгдэл байгуулаад Олон улсын зах зээлд гаръя гэж байна, тийм үү? Нэг нэгээрээ биш, бөөндөө нийлж гарцгаая гэж ерөнхийдөө зорьж байна гэсэн үг үү? Тэгээд урд хөршөөс эхэлье гэж уулзалт зохион байгуулсан юм байна. Үүнийг дангаараа хийх боломж нь байна уу? Үнэхээр гарц байна гэж харж байна уу?  Монгол 999 гээд үндэсний үйлдвэрлэлийн нэгдлүүд бас нэгдэж, нэг хэсэг үзсэн. Бас Баялаг бүтээгчид гээд энд тэнд чуулж байна.Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гээд төр засгаас арга хэмжээ аваад байдаг. Тэгсэн хэрнээ яг ингээд олон улсын зах зээл дээр гаргая гэхээр төдийлөн алхам хийж чадахгүй байх шиг байна. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд өөрсдөө нийлээд хийж чадах нь уу?

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -Ер нь бол маш олон үүсгэл санаачлагууд, өөр өөрийн зорилготойгоор байгуулагдсан байх. Өөр өөрийн зорилгоо зарим нь биелүүлсэн байх, зарим нь биелүүлээгүй байх. Энэ нэгдлийг одоо ингээд гаргах боломж нь яагаад гарч ирж байна гэхээр БНХАУ-ын зах зээл гэдэг маш том зах зээл.

Бид нар дэлхийд өөрийхөө брэндийг, өөрийхөө бүтээгдэхүүнүүдийг нийлүүлье гэж зордог. БНХАУ, ОХУ гэдэг бол бидний мөнхийн хөрш, асар том зах зээл. Зөвхөн энэ 2 том хөрштэйгээ бид харилцан ойлголцож, хамтарч, хэн хэндээ ашигтай байдлаар ажиллаж чадах юм бол энэ нь Монголын эдийн засаг нийгэмд үзүүлэх эерэг үр дүнг гарцаагүй авч ирнэ.

Монголын хүнсний бүтээгдэхүүн, Монголд үйлдвэрлэж байгаа  ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн бүгд органик, ямар нэгэн химийн нэгдэл байхгүй, экологийн гэдэг утгаараа дэлхий нийт Монголыг сонирхож байгаа. Хамгийн том сонирхол нь өнөөдөр явагдаж байна. Нэгдлийн хувьд яаж, ямар боломжийг ашиглах гэж байна вэ гэхлээр Эрээн хот болон Хятадын талаас чөлөөт худалдааны бүсээ аль хэдийн ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн. Өмнө нь ийм чөлөөт худалдааны бүс гэж байгаагүй учраас манайхан дан дангаараа, эсвэл компани компаниараа, зарим нь ганзагын гэж ярьдаг шиг ажиллаж, жижиг жижиг лангууг дүүргэж байсан болохоор төдийлөн амжилт олж байсангүй. Тийм байх магадлалтай.

Үүний ард маш олон төлөөллүүд, баг байна. Хятадад олон жил суралцсан, олон жил ажилласан залуучууд байна, гадаад худалдааны чиглэлээр боловсол эзэмшсэн хүмүүс байна. Энэ нэгдэл бол зөвхөн энэ нэгдлийг байгуулсан гурав, таван хүний асуудал биш юм. Яг тэр бараа бүтээгдэхүүнээ гаргая, нийлүүлье, хамтаръя гэж байгаа бүх хүмүүсийн нэгдэл юм. Бид дан дангаар ч юмуу, хэсэг бүлэг хүмүүс шийдвэр гаргахгүй, яг хамтын ороцоотой. Иргэдийн оролцоотой гэдэг шиг, яг энэ нэгдэлд хамтарч нэгдсэн, энэ нэгдлээр дамжуулж БНХАУ-ын зах зээл, цаашлаад бүр олон улсын зах зээлд гаръя гэсэн бодолтой, зорилготой аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болж байж энэ нэгдэл амжилттай үргэлжилнэ. Тийм болохоор энэ нэгдлийг хэн нэгэн гурав, таван хүний нэгдэл биш, яг үүнд оролцохоор сонирхлоо илэрхийлж байгаа, бараа бүтээгдэхүүнээ ороцуулах тэр аж ахуй нэгжүүдийн нэгдэл гэж харах хэрэгтэй.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Энэ нэгдэлд нэгдье гэсэн аж ахуйн нэгжүүд байвал одоо яг хаана хандах вэ? Яаж нэгдэх вэ? Хязгаар гэж байх уу? Бүгд л ерөнхийдөө нэгдэлд хамрагдаад, бөөндөө нийлээд гаръя гэсэн байж болно шүү дээ, тиймээ?

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -Боломж, багтааж гэвэл бас тодорхой хязгаартай. Тийм болохоор бид эхний ээлжинд 35-45 аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон, хамтын хариуцлагатай, төлөөлөн удирдах зөвлөл гэдэг шиг тийм зөвлөл байгуулах юм. Эхний ээлжинд Монголоос яг энэ ноос ноолуур, арьс шир, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, зөвхөн Монголдоо төдийгүй гуравдагч улсаас импортолж оруулж ирж буй Хятадын зах зээлд нийлүүлэгддэггүй бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-н зах зээл дээр гаргах боломж нээлттэй байгаа. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Эрээн хотын худалдааны чөлөөт бүсээр татваргүй гарна. Харин 3-дагч орны бүтээгдэхүүн бол тодорхой хэмжээний татвараа төлж энэ нэгдлээр дамжуулж гарах боломж бас байгаа.

Тийм учраас энэ чиглэлээр импорт эрхэлдэг, өндөр түвшний, олон улсын чанар стандартыг хангасан тэр аж ахуйн нэгжүүд мөн энэ нэгдэлд хамрагдах боломжтой. Эхний ээлжинд 35-40 аж ахуй нэгжийн төлөөллийг нэгдэлд оруулах, бид нэгдэл гэдэг утгаар нь хамтын тогтолцоо, хамтын хариуцлага, хамтын менежмент хэрэгжүүлсэн, хамтын зохион байгуулалт хэрэгжүүлсэн, нэг цонхны бодлогоор гэдэг шиг нэг тээвэр, ложистогтой, нэг стандарт, нэг брэндингтэй тийм зүйлрүү харъя. Монголчууд маань дан дангаараа, нэг нэгээрээ явж хангалтатай цаг хугацааг алдсан. Энэ боломжийг ашиглаж  хамтдаа БНХАУ-ын зах зээл рүү гарах боломж бидэнд нээлттэй боллоо гэдгийг хэлж байна.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Цаашид нэгдэж хамрагдья гэсэн олон аж ахуйн нэгжүүд байгаа, тэдний мэдээлэл жагсаалтыг авсаар байх уу? Хаана бүртнүүлэх вэ?

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -Бүртгэл нь www.mongolbrand.mn гээд онлайн, веб сайтаар бүртгэгдэж байгаа. Энэ веб сайт дээр аж ахуйн нэгжүүдийн танилцуулга, бүртгэл бүх зүйлүүд үнэ төлбөргүй байрших боломжтой. www.mongolbrand.mn гэсэн веб сайт руу хандаж ороод холбоо барих хэсэгт өөрийн компани, аж ахуй нэгжийн мэдээллийг, ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хэдий хугацаанд нийлүүлэх боломжтой гэх мэт бүх мэдээллээ нэгдүгээрт явуулах хэрэгтэй. Бид энэ мэдээллийг үзээд, тооцоо, судалгаа, анализ хийгээд, бараа бүтээгдэхүүн нь Монголоос өрсөлдөх боломжтой юу гэдэг зах зээлийн судалгааг нь хийж, давхардалгүй ямар боломжтойгоор гарах нь вэ гэдгийг үзнэ. Тэр бүтээгдэхүүнийг бид нэгдлээрээ шүүхээс илүүтэйгээр олон улсын зах зээл рүү гаргахад чанар, стандарт, өнгө үзэмж, хаяг, шошго гээд бүх төрлийн анхан шатны заавал байх ерөнхий шаардлагуудыг хангасан байна уу гэх зэргээр олон талаас нь харах юм.

Монгол Улс сүүлийн жилүүдэд гадаад харилцааны талаар олон зорилтот хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Олон улсын байгууллагуудтай уялдаатай хамтарч ажиллаж байна. Дөнгөж оны өмнө гэхэд Япон Улстай чөлөөт хэлэлцээр байгуулах гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Японы Засгийн газар гарын үсэг зурлаа. Энэ хэлэцээрээр Япон Улс руу Монголд үйлдвэрлэсэн гэсэн шошготой бараа бүтээгдэхүүнүүдийг гаалийн татварын хөнгөлөлттэй гаргах боломж бас бүрдэж байна. Мөн дэлхийн худалдааны байгууллагад Монгол Улс аль хэдийн нэгдээд орчихсон. Мөн түрүүний хэлдгээр Монголд үйлдвэрлэв, made in Mongolia гэсэн шошготой эцсийн бүтээгдэхүүн нь  Монголын хил дотор үйлдвэрлэгдсэн 7001 төрлийн бараа бүтээгдэхүүн Европын зах зээл рүү гарах боломж нь нээгдчихлээ гээд бидэнд төрийн зүгээс хийж хэрэгжүүлж буй чамгүй их ажлууд байна.

Төр бидний төлөө юу хийв гэхээсээ илүүтэйгээр, яг дэлхийн зах зээл рүү энэхүү боломжуудыг ашиглаж, бид өөрсдөө бүтээгдэхүүнээ сайжруулах талаар юу хийв , яаж хийх вэ гэсэн тал руугаа бас бодох, ярилцах, дүгнэх, судлах тийм цаг нь ирсэн гэж харж байна.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Хамгийн эхний Монгол брэнд бүтээгдэхүүн хэзээ Хятадын зах зээл дээр худалдаалагдах вэ ? Төлөвлөгөө байгаа байх.tv5_otgonulzii1

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -Тийм төлөвлөгөө байгаа. БНХАУ-ын зах зээл рүү Эрээний чөлөөт худалдааны бүсийг ашиглаад бид 10.01-10.20-ны хооронд оролцох сонирхлоо илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийг хоорондоо нэгдэл байдлаар ярилцаад, ямар боломжтой бүтээгдэхүүнүүд байна гээд тодорхойлж гаргаж ирэх нь байна.

Түүн дээр “Монгол брэнд” гэсэн логотой, яг энэ нэгдлээрээ Оюуны өмчийн газарт хамтын тэмдэг гэсэн хүсэлтээ өгсөн. Энэ нь 20 хоногийн дотор хуулийн дагуу шийдвэрлэгдэж гарч ирнэ. Энэ тэмдгийнхээ хүчээр бид олон улсын зах зээл дээр гарахад бид стандарт, чанар, удирдлагын тогтолцоо, дээр нь оюуны өмчийн асуудал баталгаажиж гарч ирэх боломж байна. Бас зарим хүмүүс асууж байна. Бидний бараа бүтээгдэхүүнийг дуурайлгаад Хятадын зах зээлд гаргачих юм биш үү, хийчих юм биш үү гэж байна. Маш олон төрлийн бидэнд бодууштай, цэгнүүштэй саналууд маш их байгаа. Энэ зүйлүүд дээр Монгол Улс хууль, дүрэм журамтай, олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон, олон улсын оюуны өмчийн байгууллагын конвенцид нэгдээд орчихсон орны хувьд бид яг энэ олон улсын дүрэм, журам, стандартыг хууль, мөрдлөг болгон ажиллах үндсэн зорилготой. Тэгэхээр энэ чиглэлийн хүрээнд бид хамтын тэмдэгээр бараа бүтээгдэхүүний оюуны өмчийн асуудал тавьж, хуулбарлах гэх зэрэг зүйлүүдээс хамгаалах чиглэлээр ажиллаж байна. МҮХАҮТ дээр бас энэ чиглэлээр бүтээгдэхүүний эрхийг олгодог, шошго олгодог, стандартыг нь олгодог гээд энэ чиглэлээр бид уялдаатай ажиллана.

Ер нь аливаа зүйлийг хийхэд эрсдэлээ тооцоод хараад байх юм бол, өмнө бүтээгүй, ийм зүйл нь болоогүй, тэр зүйл нь хэцүү гээд шалтаг тоочоод байвал бид урагшлах хэцүү. “Мянган алхмын цаана байгаа уулын оргил руу хүрэхэд бид нэг алхам ч гэсэн зоригтойгоор, зөв замаар урагшлах хэрэгтэй”. Энэ тал дээр нэгдэл, бие биенээ дэмжиж хамтран ажиллах хэрэгтэй байна. “Монгол брэнд” нэгдэл бол  Хятадын зах зээлд, Эрээний зах зээлээс эхлээд Хөх хот, Шилийн гол, Бээжин, Тяньжин, Шиньжин гээд эх газрын Хятад руу гаръя. Дараа нь Ази руу, Япон, Солонгос гээд маш том зах зээлүүд байна. Стандарт гээд бүх зүйлүүд төгөлдөршөөд, энэ нэгдэл маань маш ойлгоижтой, маш хүчирхэг болоод ирэхээр бид Азийг Европ руу холбосон, Торгоны зам гэдэг шиг том санаачлагуудыг дэвшүүлээд, том алсын хараатай харах, зорих, ажиллах  цаг нь ирсэн.

 

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Энэ  бол хувийн хэвшлийн байгууллагуудын нэгдэл гэж ерөнхийдөө ойлгож байна. Хувийн хэвшлүүд нэгдэж олон улсын зах зээлд гарах гэж байна. Тэгэхээр бас хувийн хэвшлүүд нэгдээд явахад улс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Төсөл эхлэхэд Засгийн газар дэмжиж байсан гэлээ. Аж үйлдвэрийн тусгай яам байж үйл ажиллагаа явуулж байсан. Шинэ Засгийн газар ч гэсэн 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гээд, бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд тодорхой мөрийн хөтөлбөрүүд яригдаж эхэлж байна. Мэдээж төр засагтайгаа хамтарч үүнийгээ шийдэх болов уу?

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -Тийм. Шийдлийн Засгийн газрын үед Аж үйлдвэрийн яам байж, эрхлэх ажлын хүрээнд ажиллаж байсан. Одоо татан буугдаж бүтэц орон тоо нь өөрчлөгдөөд явж байна. Гэсэн  хэдий ч Монгол төрийн бодлого залгамж чанараа гээхгүй уялдаагаа хадгалж яваа. Бид нар нэгдээд, гадаадаас импортоор маш өндөр үнээр бараа бүтээгдэхүүн оруулж ирье гэх биш, Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг экспортоор гаргана гэдэг бол хамгийн эрүүл үзэгдэл. Энэхүү санаачилгыг ямар ч яам, Гадаад харилцааны сайд, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайд, мөн  Ерөнхий сайд, Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Төр бидний төлөө юу хийх вэ гэж шаардахаас илүүтэйгээр бид  эдгээр зүйлүүдийг хэрхэн  хийж чадах вэ гэдэг зүйлд төвлөрөх хэрэгтэй байна.  Дараа нь бидэнд төрийн зүгээс хууль эрх зүйн хүрээнд холбогдох бодлогын, санхүүгийн дэмжлэгүүд хэрэгтэй байна гэж үзвэл түүнийгээ томъёолоод, цаасан дээр буулгаад, шийдвэр гаргах боломжтой тэр хүмүүст нь тооцоо, судалгаатай оруулж өгвөл оролцогч талуудад ч хэрэгтэй. Шийдвэр гарган, дэмжих төрийн байгууллагууддаа ч хэрэгтэй. Энэ нэгдэл бол зөвхөн нэг хэсэг аж ахуйн нэгжүүдийн нэгдэл биш, Монголын төр, Монголын бүх аж ахуй нэгж, бүтээгч байгууллага, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэгчлийн хамтдаа хийж хэрэгжүүлэх төсөл юм шүү.

www.mongolbrand.mn гэдэг веб сайтаар зочилж та бүхэн өөрсдийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ үнэ төлбөргүй бүртгүүлээрэй. Бид одоо нэгдэж дэлхийн зах зээл гаргах цаг нь болсон гэдгийг үзэгчиддээ хэлье.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Монгол Улсаа хөгжүүлье гэсэн ярилцлагын цагт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Монгол Улсаа хөгжүүлье гэдэгт Монгол хүн бүрийн санаа оноо, ажил хэрэг бүхэн багтана. “Монгол брэнд” гээд ялгарсан энэ сайхан төслийг санаачилсан таньд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Оролцогч Ш.Отгон-Өлзий: -За, Баярлалаа.

Хөтлөгч Ө.Отгонбаатар: -Эрхэм үзэгчид ээ! МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЬЕ ток шоуны ярилцлагын цагийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Энэ удаагийн зочин “Монгол брэнд” төслийн санаачлагч Шагдарсүрэнгийн Отгон-Өлзий.

tv5_otgonulzii3

tv5_otgonulzii

582 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил