УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦЛАА

2019-02-23

Монгол Улсын төр засгаас газар тариалангийн салбарт баримталж байгаа хөгжлийн бодлоготой уялдуулан ургамлын аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалах чиглэлээр суурь болон хавсрага судалгаа гүйцэтгэх, үр дүнг үйлдвэрлэлд түгээн дэлгэрүүлэх, ХАА-н таримлын  ургамлын үр суулгац үйлдвэрлэх  шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон  үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой Дархан-Уул аймагт байрлах Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Н.Баярсүх доктор Ph.D, дэд профессор, Монгол Улсын зөвлөх агрономич, дэд захирал, Б.Баатарцол доктор Ph.D, дэд профессор, Хөрс агрохимийн лаборторийн эрхлэгч магистр Д.Зандраагомбо, Хөрсий микробиологийн лаборторийн эрхлэгч магистр О.Сүнжидмаа, Литва Улсын өргөмжит консул, “Гурванбулаг бид” ББСБ-ийн захирал С.Болдбаатар, “Монгол брэнд холбоо” ТББ-ийн тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Монголын хил хязгааргүй уншигч багш нарын холбоо” ТББ-ийн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан захирал З.Амаржаргал нар оролцлоо.

Ерөнхий захирал Н.Баярсүх Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн талаар танилцуулахдаа Монгол оронд тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос техникийн шинэ таримал сортуудыг бүтээх, шалгаруулж нутагшуулах, тэдгээрийг тариалах, хөрс боловсруулах, түүнийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг дээшлүүлэх зэрэг Монгол оронд тариалангийн технологийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйлсэд манай хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн, судлаачид, идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаагаа хэлээд өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн судлаачид үр тарианы 110 сорт, бүтээж 20 гаруйг нутагшуулсан байна. Мөн төмсний 10 гаруй, хүнсний ногооны 40 орчим, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 20 гаруй сорт шинээр бүтээж, нутагшуулсны дээр технологийн заавар зөвлөмж 120 гаруйг боловсруулан гаргасан нь Монгол оронд тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй хөтлөн явуулах гарын авлага, технологийн удирдамж болсоор байгаа талаар танилцууллаа.

Тус хүрээлэн нь Монгол орны үр тарианы үйлдвэрлэлийн 30%, төмсний 70% хүнсний ногооны 60%, жимс жимсгэний 70 гаруй хувьд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн сортууд тариалагдаж, тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах, бордох зэрэг манай эрдэмтэд, судлаачдын боловсруулсан технологиуд тариалангийн үйлдвэрлэлд иж бүрэн нэвтэрсэн зэрэг чамлахааргүй амжилт гаргасан ба тус хүрээлэнд хийгдсэн судалгааны ажилд тулгуурлан шинжлэх ухааны доктор 6, боловсролын докторын зэрэг 60 гаруй ажилтан хамгаалсан нь монгол оронд тариалан эрхлэх технологийг боловсронгуй болгон шинэчлэх онолын үндэс эх сурвалж болдог байна.

УГТХүрээлэн нь эх орны таримал, сортуудын нэр төрлийг олшруулах, тэдгээрийн  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, тариалангийн технологийг улам бүр экологийн чиг баримжаатай боловсронгуй болгох зэрэг Монгол орны газар тариалангийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар экспортын чиг хандлагатай, мэдлэгт суурилсан тариалангийн салбарын хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд био шингэн бордоо үйлдвэрлэж дотооддоо нийлүүлж эхлэж байгаа талаар хэллээ.

“Монгол брэнд холбоо” ТББ-ийн тэргүүн Ш.Отгон-Өлзий:  цаг зав гарган хүлээн авч уулзаж хүрээлэнгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд.

Эко, органик бордоо үйлдвэрлэн Монгол Улсын 150,000 өвөлжөөтэй айл өрхийн малаас гарч буй  өтөг бууц, аргал хорголыг ялган боловсруулж технологи ашиглан ялзмагжуулсан хөрс бүтээмжит бичил биетнүүдийн тусламжтайгаар  өндөр технологийн аргаар идэвхижүүлсэн био боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн эко бордоо гаргах төслийг танилцууллаа.

Хуурай болон чийглэг уур амьсгалтай аль ч газар хүнсний ногоог заавал бордох шаардлага гардаг. Иймээс эко байгалийн бордоогоор ногоог бордох нь ургацад эерэгээр нөлөөлөх нэг талын ашигтай нөгөө талын ашиг нь олон жил ашигласан хөрсний доройтлыг арилгаж, хөрсийг нөхөн сэргээж эрүүлжүүлэх боломжтой болох юм. Мөн органик хүнс болж үнэ, ашиг нэмэгдэх боломж бүрддэг, иймд олон улсын чанар стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж Азийн зах зээлд экспорт хийх талаар санал солилцож хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцаж хамтарсан судалгааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдлээ.




552 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил