​Монголын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ АНУ руу экспортлох боломж бүрдэнэ

2019-11-21

Монгол Улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болон АНУ-ын зөвлөлийн экспертүүд хамтран гадаад худалдаа, хамтын ажиллагааны хүрээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа дэмжин ажиллах арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг эхлүүлэх санамж бичигт “Монгол Брэнд Холбоо”-ны тэргүүн Ш.Отгон-Өлзий, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг, “FAO Глобал” Зөвлөх компанийн Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Брэндон Хьюгес нар гарын үсэг зурсан юм. 

“Америкт экспортлоё” арга хэмжээгээр дамжуулан уул уурхайгаас бусад салбарын үйлдвэрлэгчид АНУ-ын экспертүүдтэй тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх, хэрхэн даван туулах, ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа эсэхээ ярилцах боломжийг нээн өгч байгаагаараа онцлогтой юм.

 

Уг арга хэмжээний талаар “Монгол Брэнд Холбоо”-ны тэргүүн Ш.Отгон-Өлзийгөөс тодрууллаа.

-“Америкт экспортлоё” арга хэмжээнээс манай улсад ямар боломжууд нээгдэж байна вэ?

-Тус хөтөлбөрийг АНУ-ын Вашингтон дахь “Ази Америкийн Худалдаа Аж үйлдвэрийн Танхим”-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн зах зээлээс Америкийн зах зээл рүү гарахад тусалж дэмждэг экспертүүд буюу бизнес эрхлэгчид, зөвлөгч нар хүрэлцэн ирсэн. Тэдгээр нь бизнесийн хөрөнгө оруулалтын сан, компаниудаас хөрөнгийн бирж дээр IPO гаргахад туслах үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн АНУ руу бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргахад ямар бизнес боломж байна, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэхэд, тэр хөрөнгө оруулалтыг нь босгож боломжуудыг нээж өгч байгаагаараа давуу талтай юм.

-Энэ хөтөлбөр хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байна. “Ази Америкийн Худалдаа Аж үйлдвэрийн Танхим”-ын зөвлөхүүд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй байгаа 30 компанийн төлөөлөлтэй биечлэн уулзалж, зөвлөх үйлчилгээ өгч байна. Үүний дараагаар экспертүүд төслийн сонгон шалгаруулалт хийж, шалгарсан 10 хүртэлх компанийг 2020 оны I улиралд багтааж, “Ази Америкийн Худалдаа Аж үйлдвэрийн Танхим”-ын урилгаар Америкт авчирна. Ингэснээр хоёр улсын бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг нь сайжруулж, гэрээ хэлцэл худалдаа хийхэд нь туслах юм.

-Ямар шалгуураар 10 компанийг сонгон шалгаруулах вэ?

-Шалгарч буй компаниудыг манай холбооноос шалгаруулахгүй, экспертүүд шалгаруулна. Тэдгээр компанийн танилцуулгыг харж, төсөлтэй танилцан, төслийн үнэлгээ хийнэ. Үүний үр дүнд хэрхэн АНУ-ын зах зээлд гарах, америкуудын сонирхлыг татах боломжтой гэдгийг нь харж сонгон шалгаруулалт хийгдэх болно.

“Америкт экспортлоё” арга хэмжээнд оролцож буй үйлдвэрлэгч “Ариунаа Сүри” брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаагаа байр суурийг нь тодрууллаа.

 

-Уг арга хэмжээнд оролцсоноор танд ямар боломж харагдаж байна вэ?

-Өмнө нь Монголын бараа бүтээгдэхүүнээ гадаад улс оронд таниулах олон чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож байсан. Харин энэ удаагийн арга хэмжээ илүү сонирхолтой, өгөөжтэй байна. Гаднаас чадварлаг экспертүүд хүрэлцэн ирж зөвлөж байгаа нь бидэнд маш том боломж гэж харж байна. Арга хэмжээний гол онцлог нь би дангаараа бус хамтдаа ОУ-ын зах зээлд гарах боломжийг нээж өгч байгаа нь хамгийн чухал нээлт юм.

-Танай брэнд бүтээгдэхүүний хувьд цөөн тоогоор худалдаанд гардаг. Гэвч бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй гаднын иргэдийг хэрхэн бараагаар хангах вэ?

-Манайх бараа бүтээгдэхүүний тоогоо нэмэгдүүлэхийн тулд юун түрүүнд хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс гадна хүний нөөцийн асуудал чухал. Үйлдвэрлэгч компани тус бүрдээ биш хамтдаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эсвэл бараа материалаар ханган, хамтран ажилласнаар АНУ руу экспортлоход дөхөм болох юм. Өнөөдөр татвар төлөөд, үлдсэн ашгаараа ажиллаж байна. Олон улсын хэмжээнд хөдлөхөд хөрөнгө мөнгө, хүч хэрэгтэй байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний тоог олшруулах, гаднын иргэдийг худалдан авах нөхцөл боломжийг бүрдүүлж чадна. Америк болон Солонгос, Европоос манай монгол өөрсдийн карго ирдэг. Тэгэхээр америкаас бараа бүтээгдэхүүн захиалахад ирчихээд байна. Буцаагаад АНУ руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход боломж хомс, өртөг өндөр, хугацаа шаарддаг. Мөн баталгаат нөхцөл байдал тодорхой бус байдаг юм. Ингэснээр бараа бүтээгдэхүүн дээр нэмүү өртөг их гарснаар манай бараа бүтээгдэхүүнийг үнийг нэмэгдүүлдэг.

 

FAO Глобал” Зөвлөх компанийн Үүсгэн байгуулагч бөгөөд  Гүйцэтгэх захирал Брэндон Хьюгесээс тодрууллаа. 

-Манай улсаас АНУ-руу бараа бүтээгдэхүүн экспортонд гаргахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарын бизнесийн тогтвортой байдал. Яагаад гэхээр хоёр улсын хоорондын гадаад худалдааны үзэсгэлэн болоход соёлын ялгаа тулгардаг. Иймээс юун түрүүнд өөрт урьдаас ирэх эрсдэлийг тооцох хэрэгтэй. Хоёрт, хууль эрх зүйн орчингоо сайн ойлгох нь чухал.

-Мэдээж бараа бүтээгдэхүүнийг гаднын улс орны экспортлоход тээвэрлэлт хийгддэг. Гэтэл Монголд тээвэрлэлт хийхэд орчин нөхцөл байхгүй. Иймд тохиолдолд яах вэ?

-Америкаас Монгол руу шууд тээвэрлэлт хийгддэг. Харин буцаагаад АНУ-руу бараа бүтээгдэхүүнээ экспортлоход боломж хомс, өртөг өндөр, хугацаа шаарддаг. Иймд  тээвэрлэлтийн асуудлыг хоёр улсын хамтран ажиллах явцад шийдвэрлэх болно.

эх сурвалж: http://itoim.mn/article/RVOvZ/19066

719 үзсэн

Хаяг, байршил