МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН УРАН ЗУРГУУД НЭГДЭЖ ЦАХИМААР ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-06-30

“Монгол брэнд” холбооны үндсэн зорилго нь Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэсний томоохон үйлвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон олон улсын зах зээлд таниулан сурталчлах, экспорт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Энэхүү зорилгын хүрээнд 2021 онд Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, уран бүтээлийг гадны зах зээлд нэвтрүүлэх, худалдан борлуулах, Монгол улсынхаа түүх соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх түүгээр дамжуулаг сурталчлах ажлыг эхлүүлээд байна. Үүний хүрээнд хийгдэж буй нэг төсөл бол АНУ-ын WWW.FINEARTAMERICA.COM уран бүтээлийн худалдааны цахим хуудсанд /MONGOL ART/ https://fineartamerica.com/profiles/1-mongol-art нэртэй өрөөг албан ёсоор түрээслэн авч чадлаа. Энэхүү өрөөндөө Монгол Уран бүтээлчдийн бүтээлүүдийг нэгтгэн нийтлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, дижитал хэлбэрээр дэлхийн зах зээл дээр худалдан борлуулах, сурталчлан таниулан  зэрэг холбогдох арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

1-mongol-art.pixels.com “MONGOL ART” нэрээр Монголын Уран бүтээлчдийн төлөөлөл болсон Төрийн Соёрхолт Ц.Цэгмид, уран бүтээлч Ж.Ойлан, С.Солонго, Ш.Төмөрбаатар, Т.Бадамжунай, Д.Золзаяа, Ш.Шүрэнцэцэг, Б.Мөнхзул, У.Батцоож, Л.Элбэгзаяа нарын 10 уран бүтээлчийн 256 зураг дижитал хэлбэрт шилжиж олон улсын зах зээлд амжилттай гарч чадлаа. Цаашид Соёлын яам, Урлагийн зөвлөл, Урчуудын эвлэлийн хороотой хамтран ажиллаж 1 жилийн дотор Монголын 1000 уран бүтээлчдийн бүтээлийг олон улсад холбох зорилт тавин ажиллаж байна.

Уран бүтээлчдийн уран зураг, бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд дижитал хэлбэрт шилжүүлэх зураг авалтыг Л.Элбэгзаяа, Б.Нямгэрэл нар авсан. тэдний хувьд Япон Улсад музейн үзмэрийн бүтээлүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх төслүүд дээр ажиллаж байсан дадлага туршлагатай баг бөгөөд Монголдоо гэрэл зургийн салбарыг тэргүүлэх “Гамма” агентлагийн  шилдэг зурагчид юм. Цаашид дээрх уран бүтээлчдийн дижитал хэлбэрт шилжсэн бүтээлүүдээр цахим ном, товхимол, сэтгүүл зэргийг хийж олон улсын зах зээлд нэвтрүүлэх тал дээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Fineartamerica.com платформ нь 2006 онд анхлан үүсгэн байгуулагдсан АНУ-ын технологи, хэвлэлийн компани юм. Одоогоор тус платформ олон улсын 100,000 мянган уран бүтээлчдийн 10 сая гаруй уран бүтээлүүд цахим хэлбэрээр нэгдэж хэрэглэгчдийн бүх төрлийн хэрэгцээг хангах шийдлээр хэвлэгдэж олон улсад худалдаалагдаж байна. Тус байгууллага нь хэрэглэгчдийн маркетинг сурталчилгаа хийх боломж, худалдан авалтын данс тайлан тооцоо, тээвэр, хүргэлт, хэвлэл гэх зэрэг уран бүтээлчид гардаг бүх хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь шийдсэн нэр хүндтэй олон улсын байгууллага юм.

Монголын Уран бүтээлчид ийнхүү нэгдэж нэг баг болж бүтээлүүдээ орчин үеийн сайн чанарын дижитал хэлбэрт шилжүүлэн олон улсын зах зээлд худалдагдан борлуулах боломжийг ийнхүү бүрдүүлж амжилттайгаар эхлүүлж чадлаа. Ийнхүү уран бүтээлчид маань Монгол Улсаас албан ёсоор олон улсын зах зээлд нэгэн баг болж гарч чадсан гэдгээ зарлаж байгаа мэдэгдлээ. Тус арга хэмжээ нь 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдөр 11:40 цагт боллоо. уг арга хэмжээнд уран бүтээлчид, урлагийн салбарын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарынхан хамтран оролцлоо.

 

493 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил