АНУ-ын Чикаго хотын урлагийн төвд Монгол Уран бүтээлчийн үзэсгэлэн амжилттай дэлгэгдлээ

2022-04-10

АНУ-ын Чикаго хотын урлагийн төвд анх удаа Chicago Art Department (CAD)-д 2022 оны 03 дугаар сарын 11-25 ны өдрүүдэд “LEGEND MONGOL” “МОНГОЛ ДОМОГ”  хэмээх нэртэйгээр Дүрслэх Урлаг Соёл Судлаач, Түүхийн Ухааны Доктор (Ph.D) Бэсүд Том Дашням Отгонтөгсийн бие даасан Дижтал арт /Digital Art/ болон тосон будгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж Монгол Уран бүтээлчийн ур ухаанаар бүтсэн бүтээлүүд олон нийтийн хүртээл боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг хүрэлцэн ирж  Монгол Улсаа дэлхийд урлаг, уран бүтээлээрээ сурталчлан таниулах үйл хэрэгт тэргүүлэн оролцож буй уран бүтээлчид болон зочид төлөөлөгчдөд хандаж нээлтийн үг хэллээ.  Мөн АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод амьдран суугаа Физик Математикийн ухааны доктор Доржийн Жаргал хүрэлцэн ирсэн Монголчууд болон үзэгчдэд хандаж мялаалга үг хэллээ.

Мөн үзэсгэлэнгийн нээлтэд Чикаго хотын Монголчуудын холбооны төлөөлөл болон Б.Цэрэнбат, Гандан төвийн лам Золжаргал, Монголын Үндэсний Телевизийн сэтгүүлч Д.Адилзаяа, гэр бүл найз нөхөд нь нээлтийн арга хэмжээнд дэмжиж оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеээр Монгол өв соёл түүх соёлоо хүндлэн дээдэлдэг монголчууд үндэснийхээ хувцасаар ижилсэн гоёж хүрэлцэн ирж Монголын түүх, зан заншил, ёс уламжлал, урлаг уран сайхан хосолсон үзэсгэлэнг үзэж хоорондоо сонирхолтой сэдвүүдээр ярилцсан сайхан арга хэмжээ боллоо. 

Ирсэн зочид төлөөлөгчдөд дуу хуур урлаг, уран бүтээлээрээ Монголоо сурталчлан таниулах зорилготой АНУ-ын Чикаго хотод үүсгэн байгуулагдсан “Морьтон хамтлагийн дуучин н.Отгоо морин хуурч н.Даваазориг нар морин хуурын уянгалаг сайхан аялгуу уртын дуу, товшуур, хархираа, хөөмийтэй магтаал ерөөлөө өргөж гайхамшигтай сайхан бэсрэг урлагийн тоглолт үзүүлж уригдан ирсэн Америк зураач уран бүтээлчид, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зочид бүхэнд баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.

Энэхүү “LEGEND MONGOL“, “МОНГОЛ ДОМОГ” хэмээх үзэсгэлэн нь АНУ-ын Chicago Art Department (CAD)-д олны хүртээл болсноороо онцлогтой юм. Чикаго хотын урлагийн төв нь 40 гаруй жилийн түүхтэй АНУ-ын анхдагч олон улсын урлагийн үзэсглэнгийн томоохон төвүүдийн нэг юм.

Дашрамд дурдхад уран бүтээлчийн бүтээлүүд олон улсын зах зээлд дижитал хувилбараар худалдагдан борлуулагдаж байгаа бөгөөд дараах хаягаар хандаж уран бүтээлүүдтэй нь танилцаж дэлхийн хаанаас ч хэвлүүлэн хүргүүлж авах боломжтой юм.  Fineartamerica.com платформ нь 2006 онд анхлан үүсгэн байгуулагдсан АНУ-ын технологи, хэвлэлийн компани юм. Одоогоор тус платформ олон улсын 100,000 мянган уран бүтээлчдийн 10 сая гаруй уран бүтээлүүд цахим хэлбэрээр нэгдэж хэрэглэгчдийн бүх төрлийн хэрэгцээг хангах шийдлээр хэвлэгдэж олон улсад худалдаалагдаж байна. Тус байгууллага нь хэрэглэгчдийн маркетинг сурталчилгаа хийх боломж, худалдан авалтын данс тайлан тооцоо, тээвэр, хүргэлт, хэвлэл гэх зэрэг уран бүтээлчид гардаг бүх хүндрэлтэй асуудлуудыг цогцоор нь шийдсэн нэр хүндтэй олон улсын байгууллага юм.

https://fineartamerica.com/profiles/tom-dashnyam  хаягаар хандаж уран бүтээлүүдтэй нь танилцах боломжтой.

 

Дүрслэх Урлаг Соёл Судлаач,
Түүхийн Ухааны Доктор (Ph.D)
Бэсүд Том Дашням Отгонтөгс.

 

Монголын Дүрслэх урлаг, Соёл судлаач Түүхийн ухааны Доктор (Ph.D) Бэсүд Дашнямын Отгонтөгсийн тухайд

 

Хөвсгөл аймгийн Их Уул суманд Сэлэнгэ мөрний эхэнд төрсөн. Төрөлх сумандаа дунд сургуулиа дүүргээд, 1988 онд Улаанбаатар хотын Дүрслэх Урлагийн сургуульд элсэн суралцаж оюутан байхаасаа эхлэн урлан бүтээх ажилд хүчин зүтгэж, 1992 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, "Шадар Ван Чингүнжавын хөшөө", Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Ариг голын хөвөөн дээр "Алун Гоо" хатны хөшөөг барималч Д.Цэдэн-Ишийн хамтаар, мөн барималч Д.Батжаргалын хамтаар ХӨВСГӨЛ 60 ЖИЛ өндөрлөг, Мөрөн хотын Бугатай дөрөлж болон хотын төвийн бүх барималд засвар гүйцэтгэл хийж бүтээлцсэн. Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж буй үедээ бүтээсэн "Бөө" уран баримал (Хөвсгөлийн цаатан, бөө мөргөлийн судалгаа, Германы музейд), "Тэр эрийн дурсгалд" уран баримал (Хувилай хааны япон улсад дайлаар мордсон талаарх судалгаа, Францын музейд) зэрэг бүтээлүүд олны хүртээл болж тус сургуулиа 1995 онд дүүргэсэн. Өндөр Жанрайсаг буюу "Ум мани бадмэ хум"-ийн эх загвар болон туслах ажилд барималч Ч.Угтаабаярын хамт оролцож байгаад 1996 онд БНСАУ-ын Пусан хотод Хөвсгөлийн цаатны амьдралыг харуулсан фото зургийн үзэсгэлэнгээ гаргасан.  

ОХУ-ын Санкт-Петербург хотод дүрслэх урлагийн түүхийн судалгааны ажил хийж байгаад 1999-онд МУИС-ийн НШУС түүхийн тэнхимд магистрантаар элсэж, дүрслэх урлагийн түүхээр тууштай ажиллах болсон. 

МУИС-ийн магистрантурт суралцахдаа эх түүхийн боловсрол эзэмшиж, 2000 онд ХIII зууны түүхэн хөргүүд сэдвээр түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.  

2003-оноос АНУ-д ажиллаж амьдарч эрдэм шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа зориулж Дэлхийн Монголчуудын Холбоо ТББ байгуулж тэргүүнээр нь ажиллаж эл холбооны шугамаар http://www.tomdashnyam.com/ вэб сайт ажиллуулж Монголын дүрслэх урлаг, түүх соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр багагүй ажил хийж байна.  

2007 оноос МУИС-ийн НШУС түүхийн салбарт докторантаар элсэн суралцаж 2012 онд "Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүх 1911-2011" сэдвээр Түүхийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалж, Монголын Дүрслэх урлагийн 100 жилийн түүхэн харьцуулсан би даасан судалгаа хийж, Монголд анх удаа Монголын Дүрслэх Урлагийн түүхийг багцалж ном болгон хэвлүүлж гаргасан.  

Төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хүндэт иргэн болон Хөвсгөл аймгийн Олон нийтийн санал асуулгаар. "BEST OF KHUVSGUL 2014" Оны Шилдэг судлаач, эрдэмтэн болсон бөгөөд нэн эртнээс XX зуун хүртэлх Монголын дүрслэх урлаг, соёлын судалгаагаа үргэлжлүүлэн АНУ болон дэлхийн оюуны зах зээлд Монголынхоо дүрслэх урлаг, соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна. 

Дэлхийгээр тархан суугаа Сүүн цацалтай Монголчуудын минь хийморь сүлд нь ямагт өөдөө байх болтугай!

493 үзсэн
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Mongolbrand.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, байршил