• Цэргээс халагдаж ирсэн залуухан эр гутлын үйлдвэрт орж ажилласнаар энэ байгууллагын түүх эхэлжээ.  Саран гоёл гутлын үйлдвэрийн үүсгэн байгуулагч, захирал Б.Гомбодорж нь 1982 оноос эхлэн гутлын үйлдвэрт ажиллаж байгаад 2000 оноос гутал үйлдвэрлэлийн бизнест орж өнөөдрийн компанийхаа үндэс суурийг тавьсан юм. 2011 онд албан ёсоор аж ахуйн нэгж болж 20оод хүнийг ажлын байраар хангажээ. Үйлдвэрлэлээ эсгүүр, оёдол, уллагаа болон өнгөлгөө тосолгоо гэсэн үе шаттайгаар явуулдаг бөгөөд өдөрт 30 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийт бүтээгдэхүүний дийлэнхийг хромон гутал эзэлдэг бөгөөд монгол загварын эрэгтэй эмэгтэй, хүүхдийн ээтэн гутал, нохой гутал зэргийг улирлын чанартайгаар үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн нохой гутлаа хойд хөрш болох Оросын холбооны улсад нийлүүлж байсан бол монгол загварын ээтэн гутлаа Хятад улсад борлуулж байсан арвин туршлагатай хамт олон юм.

    Гутал урлах түүхий эдийнхээ арьс шир зэргийг дотоодын боловсруулах үйлдвэрээс авч хэрэглэдэг бол ул, утас зэргээ гаднаас оруулж ирдэг. Тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Нарантуул олон улсын худалдааны төвийн 55-р лангуунд худалдаалагддаг бөгөөд аливаа албан байгууллагын саналаар бүх төрлийн гутлыг үйлдвэрлэн гаргахдаа бэлэн байгаа юм. Орон нутгийн малчин хөдөлмөрч иргэддээ зориулан малчдын гутлыг мөн үйлдвэрлэж байсан бөгөөд энэ ондоо багтаагаад цэвэр арьсан, 100 хувь гар аргаар уралсан чийг татахгүй сайн чанарын хүүхдийн гутал үйлдвэрлэхээр ажиллаж байна. Саран гоёл компани нь техник технологоо сайжруулан олон улсын чанар стандартад нийцсэн олон төрлийн гутал үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах хэтийн төлөвлөгөөтэй.

Хаяг, байршил