• Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард  “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноос, сарлагийн хөөврөөр дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1300 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

    Өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчиддаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор 100% ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг дангаар эзэлдэг. Нийт 9 нэрийн барааны дэлгүүр, 7 гэрээт борлуулагчаараа дамжуулан дотоодын худалдан авагчдадаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг.

    Мөн “Говь” ХК нь орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн загварын коллекцийг гаргаж байна.

Хаяг, байршил